[go: up one dir, main page]

Jump to content

Өвөр Монгол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өвөр Монгол
Өвөр Монголын Өөртөө Засах Орон
Нэрийн галиглал
 • Хятад хэл内蒙古自治区
(Nèi Měnggǔ Zìzhìqū)
 • Монгол хэлᠥᠪᠥᠷ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠥᠪᠡᠷᠲᠡᠭᠨ ᠵᠠᠰᠠᠬᠤ
(Öbür mongγol-un öbertegen jasaqu orun)
 • ТовчлолNM / (Měng)
Дээд зүүн талаас цагийн зүгийн дагуу:
Хятад дахь Өвөр Монголын байршил
Хятад дахь Өвөр Монголын байршил
Солбицол: 44°N 113°E / 44°N 113°E / 44; 113Солбицол: 44°N 113°E / 44°N 113°E / 44; 113
Улс Хятад
НийслэлХөх хот
Томоохон хотБугат хот
Хуваалт
 - Аймгийн түвшин
 - Хошууны түвшин
 - Суурингийн
түвшин

12 аймаг
103 хошуу
1025 суурин ба хороолол
Засаг захиргаа
  ТөрөлӨөртөө засах орон
  БиетӨвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн хурал
  ХКН-ын НБДСүнь Шаочэн
  Хурлын ДаргаСүнь Шаочэн
  Засгийн газрын тэргүүнВан Лишя
  ХАУТЗЗ-ийн аймгийн даргаЖан Янькүнь
  Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Төлөөлөл58 гишүүн
Газар нутаг
  Нийт1,183,000 км2 (457,000 бээр2)
  Байр3-р байр
Хамгийн өндөр цэг
(Гол оргил, Хэлань уул[2])
3,556 м (11,667 фут)
Хүн ам
 (2020)[3]
  Нийт24,049,155
  Байр25-р байр
  Нягтрал20/км2 (53/бээр2)
   Байр28-р байр
Хүн ам
  Угсаатны бүрэлдэхүүнХятадууд – 78.7%
Монгол – 17.7%
Бусад – 3.6%
  Хэл, аялгууХятад хэл,[4] Монгол хэл (албан ёсны), Ойрад, Буриад, Дагуур, Эвэнх, Жинь Хятад хэл
ISO 3166 кодCN-NM
ДНБ[5]2022
 – Нийт¥2,316 их наяд (21-р)
$344 тэрбум (нэрлэсэн)
 – Нэг хүнд ноогдох¥96,474 (8-р)
$14,343 (нэрлэсэн)
 – Өсөлт 4.2%
ХХИ (2021)0.777[6] (8-д) – өндөр
Вэб сайтwww.nmg.gov.cn Edit this at Wikidata (Хятадаар)
Монгол хувилбар
Өвөр Монгол
"Өвөр Монгол" Хятад ханзаар
"Өвөр Монгол" Монгол бичгээр
Хятад нэр
Хялбаршуулсан内蒙古
Уламжлалт內蒙古
ПиньиньNèi Měnggǔ
Шууд утгаӨвөр Монгол
Өвөр Монголын Өөртөө Засах Орон
Хялбаршуулсан内蒙古自治区
Уламжлалт內蒙古自治區
ПиньиньNèiměnggǔ Zìzhìqū
Монгол нэр
Монголын КириллӨвөр Монгол
Монгол бичигᠦᠪᠦᠷ
ᠮᠣᠩᠭᠣᠯ
Манж нэр
Манж бичигᡩᠣᡵᡤᡳ
ᠮᠣᠩᡤᠣ
ЛатинчлалDorgi monggo

Өвөр Монголын Өөртөө Засах Орон (Хятад: 内蒙古自治区 Nèi Měnggǔ Zìzhìqū; монг.ᠥᠪᠥᠷ
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠨ
ᠥᠪᠡᠷᠲᠡᠭᠨ
ᠵᠠᠰᠠᠬᠤ
ᠣᠷᠣᠨ
; товч. ӨМӨЗО, Өвөр Монгол, Өвөр Монголын ӨЗО) — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын өөртөө засах орон (нэгдүгээр түвшний нэгж). Хойд талаараа Монгол Улс, ОХУ-тай БНХАУ-г төлөөлж хил залгадаг бол улс дотор Хармөрөн, Гирин, Ляонин, Хэбэй, Шаньси, Шэньси, Ганьсү гэх долоон муж, Ниншя - Хотонгийн ӨЗО-той хаяална. Нийслэл нь Хөх хот, хамгийн том хот нь нь Бугат. 1947 оны 5 сарын 1-нд Улаан хотод төвлөн байгуулагдсан. 1,183,000 км² (нэгдүгээр түвшинд 3-р том) талбайт нутагтай, 2010 оны байдлаар 24,706,321 (23-р олон) хүн амтай. 2000 оны байдлаар хүн амын 79.17%-ийг улсын олонх Хятад үндэстэн, 17.13%-г өөртөө засах орны өргөмжит Монгол үндэстэн, 3.70%-г бусад угсаатан эзлэж байна. ӨЗО-ны дотор Хятад хэлнээс гадна Монгол бичигт Монгол хэл албан ёсных байна.

Орчин цагийн монгол бичгийн нэрс
монгол бичгээр  
кирилл буриадаар үбэр-монгол 
кирилл монголоор өвөр монгол 
кирилл халимагаар өвр моңһл 

Өвөр Монгол ялгаатай утга бүхий хоёр нэрээр дэлхийд танигддаг.

  1. Монгол хэлт хүн "Өвөр Монгол" гэж нэрлэдэг. Монгол хэлэнд «өвөр» гэдэг үг хоёр салаа утгатай байдгаас «ар» гэдгийн эсрэгцүүлсэнээр нэрлэгдсэн. Газар орныг заахад уулын ар, өвөр гэж түгээмэл хэрэглэгддэг. Говийн хойд талын нутгийг "Ар Монгол", өмнөд талын нутгийг "Өвөр Монгол" гэжээ гэх тайлбар байдаг.
  2. Хятад хэлээр "内蒙古" (Nèi Měnggǔ, «дотоод монгол») гэж нэрлэдэг. Хятад хэлээрх энэ нэрийг Манж хэлээрх dorgi («дотоод»), tulergi («гадаад») гэдгээс уламжласан гэх тайлбар байдаг. Хятад төвтэй энэ нэр дэлхийн хэлнүүдэд хамгийн их орчуулагддаг. Монгол хэлээр түүх бичигт Хятад, Орос, Японы талын байр суурийг тайлбарлахын тулд "Дотоод Монгол" гэж бичих тохиолдол бий.

Монгол үндэстний нутаг анх Хятадын харъяанд байсангүй. Заримдаа ар, өвөр, баруун, зүүн гар болон хуваарилагдагддаг байлаа. Баруун урд зүгт Алтай, зүүн урд зүгт Говь нь суурьшмал Хятадаас нүүдэлч умардын үндэстнүүдийг тусгаар байлгах байгалийн саад, тотгор болдог байжээ.

Алтан хан

Юань улс (Их хааны улс) мөхсөний дараа Цагаан хэрэмээс умард нутаг ахин Монголчуудын төв болов. Эхний зуунд үнэндээ Баруун (Дөрвөн Ойрад), Зүүн (Зургаан түмэн) хоёр болон тусгаарлаж, түүнээс Зүүн Монгол баруун, зүүн хоёр гарт хуваагджээ. Халх, Цахар, Урианхай гурав буюу Зүүн гар хаанаар удирдуулж, Түмэд, Ордос, Юншээбү гурав буюу Баруун гар жононгоор залуулж байлаа.

1504 онд Батмөнх Даян хаан өөд болсны хойно орон нь 12 хөвүүнд салж өвлөгдөв. Ар Халх (одоогийн Монгол орны дийлэнх хэсэг) отгон хүү Гэрсэнзэд очиж, Өвөр Халх зэрэг бусад Зүүн Монголын ихэнх хэсэг хожим Өвөр Монгол болсон юм.

16-р зууны дунд үед Барсболд жононгийн хүү Түмэдийн Алтан хүчийг олов. Тэр Цахарт суух хааны зэрэгцээгээр хан цолтон болжээ. Алтан хан Мин улсыг уулгалан довтолж, худалдааны ашигтай нөхцөлийг тулган хүлээлгэж, 1552 онд Ойрдын заримыг ихээр дарж, Хөх нуурын газрыг эзэлж байжээ. Мөн 1575 онд Хөх хотыг үүсгэн байгуулсан нь өдгөө Өвөр Монголын нийслэл хот юм. 1577 онд Алтан хан Төвөдийн Гэлүгваа ёсын их лам Содномжамцад Далай лам цол өргөмжилжээ.

17-р зууны эхээр Цахарын Лигдэн хаан Монголын хаан гэх нэртэй боловч үнэндээ Монгол ноёд бие даан тус тусдаа нутгаа мэдэн сууж байв. Тэр эвээр ноёдыг нэгтгэхийг хичээсэн боловч үеэл нарынхаа үйлдлээс болж санасандаа хүрээгүй. Харчин, Хорчин, Өвөр Халхын ноёд Зүрчидийн Нурхач баатартай холбоолов. Лигдэн хаан хэд хэдэн ялагдлын дараа 1634 онд Хөх нуур руу ухарч яваад Ганьсүд өвчнөөр нас эцэслэжээ. Хөх хот Манжид эзлэгдэн Манж Дээд эрдэмт хаан өөрийгөө Монголын хаан өргөмжлөв. Ингэж одоогийн Өвөр Монгол орон Чин улсын нутаг дэвсгэр болж байлаа. Энэ үеэс 1691 он хүртэл Ар Халх тусгаар байсан.

Хятадыг Манжууд байлдан эзлэхэд Өвөр Монгол голлох үүрэгтэй оролцсон бөгөөд Чин улсын дор 49 хошуу болон хуваагджээ. Харъяатын ёсоор 17-р зууны эцсээр Галдан бошогтийн эсрэг, 18-р зууны дундуур Зүүнгарын хаант улсын эсрэг аян дайнд явалцжээ. 19-р зууны Өвөр Монголын уран зохиол онцгой хөгжиж байлаа. Тэр дундаас Ванчинбалын Инжаннаш хэмээх нэрт зохиолч төрсөн билээ. 19-р зууны эцсээр Манжын ноёрхлын эсрэг дугуйлан хөдөлгөөн өрнөсөн. Хөдөлгөөний нэг идэвхтэн нь шүлэгч Хишигбат байжээ. Хөдөлгөөн Манжын цэргийн хүчинд дарагджээ.

Хорьдугаар зуун

[засварлах | кодоор засварлах]

20-р зууны эхээр Ар Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэж, 1911 онд шашны тэргүүнээ хаан залж Богд Хаант Монгол Улсыг байгууллаа. Энэ үед Өвөр Монголын 49 хошууны дийлэнх нь (зарим судлаачид 36, 38 хошуу гэдэг), Хөхнуур, Алшаагийн Монголчууд шинээр тогтсон улсад дагаар орохоо баталж байв. 1913-1914 онд Богдын засгийн газраас Дундад Иргэн Улсын цэргийг Өвөр Монголоос үлдэн хөөхөөр цэрэг илгээн байлдаан үүсгэж байлаа.

Дэ ван хэмээх Дэмчигдонров
Ерөнхий Ассамблейн Өвөр Монголын өөртөө засах засгийн газар байгуулах

1915 оны Монгол, Орос, Хятад гурван этгээдийн Хиагтын гэрээгээр Өвөр Монголыг нийлүүлэх Монголын төлөвлөгөө үгүйсгэгджээ. Чухамдаа Хаант Орос Японтой Гадаад Монголыг Оросын, Дотоод Монголыг Японы нөлөөний хүрээнд хамруулна гэж тохиролцсоноо барьсан болон Өвөр Монголын газар орныг лавшруулан эзлэх Дундад Иргэн Улсын хүсэл үүнд нийлсэн байдаг.

Тэгэвч Өвөр Монголын ард түмэн эрх чөлөөнийхөө төлөө үргэлжлүүлэн тэмцэж байв. Дэлхийн хоёрдугаар дайны үед Японыг түшиглэн Хятадын эзэмшлээс гарахаар хэсэг ноёд чармайсан байдаг. Энэ үеийн эрх чөлөөний тэмцлийг Дэмчигдонров ван оройлсон.

1945 оны Японы Квантуны армийн эсрэг Зөвлөлтийн армийн давшилтанд туслах, Японы цэрэг болон Хятадаас Өвөр Монголыг чөлөөлөхөөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын цэрэг Өвөр Монголд нэвтэрсэн. Чөлөөлсний дараахан Өвөр Монгол Монголын цэргийн мэдэлд тогтнож байлаа. Гэвч Алс Дорнодод Америкийн Нэгдсэн Улсыг сөрөхийн тулд Манж Чин Улсын дайтай Хятад орныг нэгтгэх Иосиф Сталины төлөвлөгөө хэрэгжсэнээр Мао Зэдуны хүчин ахин Өвөр Монголыг эзлэсэн. Дэмчигдонров болон бусад эх орончид 1949 он хүртэл эрх чөлөөний төлөө тэмцсээр байжээ.

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]
«Чингисийн чулууны бичиг», Өвөр Монголын музейн хуулбар

Манж Чин гүрэн 1636 онд Өвөр Монголыг бүрэн эзэлж аваад 6 чуулганд хувааж, Гадаад Монголын төрийг засах яам байгуулан, түүнийгээ Монгол журган хэмээн нэрлэх болжээ. Энэ 6 чуулганыг Шилийн голын, Жирмийн, Зостын, Хөлөнбуйрын, Зуу-Удийн, Улаанцавын чуулган хэмээн нэрлэж, эдгээр чуулган 1912 он хүртэл хэвээр оршин тогтнож байгаад Дундад Иргэн Улсын (1912-1949) үед 8 аймаг болон хуваагдсан нь Шилийн гол, Жирмэн, Хөлөнбуйр, Зост, Улаанцав, Урад (Баяннуур), Ордос (Их-Зуу), Алшаа аймаг бөгөөд саяхнаас 4 том аймгийн зохион байгуулалтыг эвдэж хот болгосон бөгөөд Шилийн гол, Хөлөнбуйр, Баяннуур, Алшаа 4 аймгаараа үлдэж, Ордос аймгийг Ордос хот, Улаанцав аймгийг Бугат хот (голдуу Баотоу гэнэ), Зост аймгийг Улаанхад хот (голдуу Чэфэнг гэнэ), Жирмэн аймгийг Түнляо хот гэж нэрлэж байна.[7]

Хятадын коммунист удирдагч Мао Японы эсрэг дайнд монголчуудын дэмжлэгийг авахын тулд өвөр монголчуудад Монголын түүхэн нутгийг эргүүлэн өгөхөөр амлаж дайны дараа нилээд нутгийг эргүүлэн өгөхөөр оролдсон ч шинээр суурьшсан хятад иргэдийн эсэргүүцлээс шалтгаалж зарим хэсэг нь хятад мужуудын хилд үлджээ. 19-р зууны сүүлээс хойш өвөр монголчууд хятад иргэдэд шахагдан хойш нүүх, уусах, олноороо хядагдах, ноёд нь манжийн Шинэ засгийн бодлогийн үед газраа худалдах, хятад мужид монголын нутгийг тасдан өгсөн зэргээс шалтгаалан Өвөр Монголын газар багасчээ. 1891 оны хятадын нууц байгууллагын босогчдын хядлагаар Өвөр Монголын зүүн талаар байсан (харчин голдуу?) 150,000 амь үрэгдсэн байдаг.

ӨМӨЗО өөрөө БНХАУ-ын нэгдүгээр түвшний засаг захиргааны нэгж. Харин дотроо хоёрдугаар түвшний (аймагтай тэнцэх) 12 нэгжид хуваагддаг. Энэ түвшний нэгжүүд Чин улсын үеэс чуулган, 20-р зуунаас аймаг (Хятад: méng) гэж нэрлэгдсээр ирсэн. Үүний адилаар гуравдугаар түвшинд хошуу үндсэн нэгж болдог уламжлалтай. 1990-ээд оноос аймгуудыг тойргийн энтэй хот (Хятад: 地级市 dìjíshì) болгон хувиргасаар одоогоор гурав нь (Алшаа, Хянган, Шилийн гол) аймаг нэрээрээ байна. Энэ өөрчлөн байгуулалтаар Хайлаар, Жинин гэх мэтийн хотууд хотын тойрог гэгдэх болсон. Хөлөнбуйр, Баяннуур, Улаанцав гурав нэрээ хадгалж үлдсэн бол Улаанхад, Жирэм хоёр Чифен (одоо Монголоор Улаанхад гэдэг), Тонляо гэх Хятад албан нэртэй болж өөрчлөгджээ. Их Зуу харин Ордос гэж өөр нэг Монгол нэрээр солигдсон. Үлдэж буй гурван аймгийн зэргэмж яваандаа бас өөрчлөгдөх шинжтэй.

Газрын зураг
# Монгол нэр Засаг захиргааны
төрөл
Хятад нэр (ханзыг латинчлах
пиньинь галигийн хамт)
Монгол нэр (эрдэм шинжилгээний
латин галигийн хамт)
Газар нутаг
(км²)
Хүн ам
(2010 тоол.)
Засаг захиргааны
төв
1 Алшаа аймаг аймаг 阿拉善盟 (Ālāshàn Méng) ᠠᠯᠠᠱᠠ ᠠᠶᠢᠮᠠᠭ (alaša ayimaɣ) 267,574 231,334 Баян хот
2 Баяннуур хот тойргийн
энтэй хот
巴彦淖尔市 (Bāyànnào'ěr Shì) ᠪᠠᠶᠠᠨᠨᠠᠭᠤᠷ ᠬᠣᠲᠠ (bayannaɣur qota) 65,788 1,669,915 Линьхе дүүрэг
3 Үхай хот тойргийн
энтэй хот
乌海市 (Wūhǎi Shì) ᠦᠬᠠᠢ ᠬᠣᠲᠠ (üqai qota) 1,754 532,902 Хайбовань дүүрэг
4 Ордос хот тойргийн
энтэй хот
鄂尔多斯市 (È'ěrduōsī Shì) ᠣᠷᠳᠣᠰ ᠬᠣᠲᠠ (ordus qota) 86,752 1,940,653 Хиа багш дүүрэг
5 Бугат хот тойргийн
энтэй хот
包头市 (Bāotóu Shì) ᠪᠤᠭᠤᠲᠤ ᠬᠣᠲᠠ (buɣutu qota) 27,768 2,650,364 Хөндлөн дүүрэг
6 Хөх хот тойргийн
энтэй хот
呼和浩特市 (Hūhéhàotè Shì) ᠬᠥᠬᠡᠬᠣᠲᠠ (kökeqota) 17,271 2,866,615 Хуйминь дүүрэг
7 Улаанцав хот тойргийн
энтэй хот
乌兰察布市 (Wūlánchábù Shì) ᠤᠯᠠᠭᠠᠨᠴᠠᠪ ᠬᠣᠲᠠ (ulaɣančab qota) 54,491 2,143,590 Жинин дүүрэг
8 Шилийн гол аймаг аймаг 锡林郭勒盟 (Xīlínguōlè Méng) ᠰᠢᠯᠢ ᠶᠢᠨ ᠭᠣᠣᠯ ᠠᠶᠢᠮᠠᠭ (sili-yin ɣoul ayimaɣ) 201,494 1,028,022 Шилийн хот
9 Улаанхад хот тойргийн
энтэй хот
赤峰市 (Chìfēng Shì) ᠤᠯᠠᠭᠠᠨᠬᠠᠳᠠ ᠬᠣᠲᠠ (ulaɣanqada qota) 90,021 4,341,245 Хуншань дүүрэг
10 Тонляо хот тойргийн
энтэй хот
通辽市 (Tōngliáo Shì) ᠲᠦᠩᠯᠢᠶᠣᠣ ᠬᠣᠲᠠ (töngliyao qota) 59,535 3,139,153 Хорчин дүүрэг
11 Хянган аймаг аймаг 兴安盟 (Xīng'ān Méng) ᠬᠢᠩᠭᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ (qingɣan ayimaɣ) 59,806 1,613,250 Улаан хот
12 Хөлөнбуйр хот тойргийн
энтэй хот
呼伦贝尔市 (Hūlúnbèi'ěr Shì) ᠬᠥᠯᠥᠨ ᠪᠤᠶᠢᠷ ᠬᠣᠲᠠ (kölün-buyir qota) 263,953 2,549,278 Хайлар дүүрэг

Хоёрдугаар (аймагтай тэнцэх) түвшнээс доор гуравдугаар (хошуутай тэнцэх) түвшинд 21 дүүрэг, 11 шяны энтэй хот, 17 шянь, 49 хошуу, 3 өөртөө засах хошуу бүгд 101 нэгжид хуваагдаж байгаа. Цаашилвал дөрөвдүгээр (сумтай тэнцэх) түвшинд 532 балгас, 407 шян, 277 сум, 18 угсаатны шян, 1 угсаатны сум, 190 хороо буюу бүгд 1425 нэгжид хуваагддаг.

ӨМӨЗО-д 2000 оны байдлаар 23.84 сая хүн суурьшиж байна. Хүн амын 79.17% Хятад үндэстэн, 17.13% болох 3,995,349 нь Монгол үндэстэн байгаагаас гадна бусад 48 угсаатны төлөөлөл нийлээд 3.70%-г бүрдүүлж байна.

Өвөр Монголын өөртөө засах орны угсаатны бүтэц
(2000 оны тооллогын дүн)
Угсаатны нийтлэг Хүн амын тоо Эзлэх хувь (%)
Хятад (БНХАУ-ын үндсэн үндэстэн) 18,465,586 79.17 %
Монгол (ӨМӨЗО-ын өргөмжит үндэстэн) 3,995,349 17.13 %
Манж 499,911 2.14 %
Хотон (Хуй) 209,850 0.90 %
Дагуур 77,188 0.33 %
Хамниган (Эвэнх) 26,201 0.11 %
Солонгос 21,859 0.09 %
Орос 5,020 0.02 %
Орчон 3,573 0.015 %
шибэ ( Sibe) 3,023 0.01 %
Бусад 15,787 0.085 %

Өвөр Монголын 4 сая гаруй Монгол нь Хятад дахь Монголчуудын 68.72% нь болж байгаа. Хятад дахь Монголчуудыг "Монгол" гэж бүртгэдэг болохоор ястан тус бүрийн хүн амын тоог мэдэхэд хүндрэлтэй. Хэдий тийм ч түүхэн нутаг болон хэл аялгуугаар ялгардгаас Цахар, Сөнөд, Үзэмчин, Авга ба Авханар, Урад, Ордос, Хошууд, Халх, Баарин, Ар хорчин, Онгиуд, Хишигтэн, Хорчин, Харчин, Дөрвөд, Барга, Буриад, Түмэд, Өөлд, Торгууд гэх мэтээр олон яст Монголчууд Өвөр Монголд байгаа. Өвөр Монголын хэл шинжлэлийн газраас ангилснаар тэндэх Монгол хэлийг Урд Монголын (магадгүй урд биш өвөр байж мэднэ), Ойрад, Барга-Буриад гурван аялгуутай гэдэг. Халхтай ойр Цахар аялгууг Шулуун хөх хошууныхны аман аялгуунд үндэслэн Өвөр Монгол дахь Монгол хэлний баримжаа авиа гэж тогтоожээ. Монгол хэлээр бичих, уншихдаа Монгол бичгээ гээлгүй хэрэглэж байгаа.

Өвөр Монгол Хятадад төдийгүй дэл­­хийд үнэт металл, орд газраараа тэргүүлж бай­на.[8] [9] Дэлхийн үнэт метал­лын орд газрын 50 хувь тус нутагт байдаг гэдэг нь судал­гаагаар тогтоогджээ.[8][9] 2001 оны судал­гаагаар нэг жилд 46.600 тн үнэт металл олборлодог аж.[8]

Улаан буудай, эрдэнэ шиш, наран­цэцэг тарьж газар тариаланг түлхүү хөгжүүлэх бодлогыг Хятадын Засгийн газраас явуулж байна.[8]

 Commons: Өвөр Монголын Өөртөө Засах Орон – Викимедиа дуу дүрсний сан
  1. "Doing Business in China – Survey". Ministry Of Commerce – People's Republic Of China. Archived from the original on 5 August 2013. Татаж авсан: 5 August 2013.
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named quaternary
  3. "Communiqué of the Seventh National Population Census (No. 3)". National Bureau of Statistics of China. 11 May 2021. Татаж авсан: 11 May 2021.
  4. "China". Ethnologue.
  5. "National Data". National Bureau of Statistics of China. 1 March 2022. Татаж авсан: 23 March 2022.
  6. "Subnational Human Development Index". Global Data Lab China. 2021. Татаж авсан: 9 April 2020.
  7. Өвөр Монголчуудын тухайд
  8. 8.0 8.1 8.2 8.3 Өвөр Монгол "Өдрийн сонин" 2007.9.3
  9. 9.0 9.1 Өвөр Монгол China Radio International 2009