[go: up one dir, main page]

Jump to content

Маршал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол улс болон зарим нэг улсын зэвсэгт хүчний цэргийн дээд командын бүрэлдэхүүнд олгодог цэргийн дээд цол. Монгол улсын түүхэнд БНМАУ гэж нэрлэгдэж байх үед Гэлэгдоржийн Дэмид, Хорлоогийн Чойбалсан нарт анх энэ цолыг олгосон бөгөөд БНМАУ-ын маршал эсвэл монголоор өрлөг жанжин гэж нэрлэдэг байв. Сүүлд Юмжаагийн Цэдэнбалд энэ цолыг олгосон.

Нэрийн үүсэл ба түүх

[засварлах | кодоор засварлах]

“Маршал” гэдэг үг эртний герман хэлний “marascaih” (“marah”- адуу, “scalc”-зарц) “агтчин” гэсэн үгээс гаралтай аж. Агтчины зиндаа яваандаа дээшилж, өөрөөр хэлбэл эзэн хааны адуун сүргийг хариуцсан хүнийг ийн нэрлэх болсон байна. Францын хаан I Генрих 1060 онд ахлах агтчин цол бий болгожээ. Түүний туслахуудаар маршалууд ажиллах болж. Гэтэл 1191 оноос ахлах адуучин цолтон маань Францын армийн ерөнхийлөгч болж суга дэвшсэн тул маршалуудын үүрэг ч өндөрсөөд армийн анги, нэгтгэл командлах болжээ.Хэдийгээр бид маршал цолны тухай өгүүлэхдээ Франц улс дээр л тогтоод байгаа ч цэргийн энэ дээд хэргэмийг юм уу түүнтэй адилтгах цолыг дэлхийн олон оронд хэрэглэж ирсэн юм. Тухайлбал Австрали, Афганистан, Болгар, Бразил, Грек, Египет, Иордан, Ирак, Иран, Итали, Монгол, Непал, Орос, Португали, Перу, Польш, Румын, Умард Солонгос, Тунис, Туркменстан, Турк, Финланд, Хорват, Хятад, Энэтхэг, Югослав, Японд маршалууд байжээ. Мэдээж тус бүртээ онцлогтой. Түүхээс нь үзэхэд хаад нь л энэ цолыг хүртэж байсан.

1627 онд Францын армийн командлагч герцог де Ле дигьерийг нас барсны дараа IX Людовик хаан маршал цолны зориулалтыг өөрчилж цэргийн дээд хэргэм болгосон байна. Чухам энэ үеэс цэрэг дайны ажиллагааг маршалууд удирдах болсон аж. 1185 оноос хойш Францад 338 хүн энэ цолыг хүртсэн аж. Түүнээс гадна “ерөнхий маршал” гэсэн цол бий болгож, бусдаас онцгой гавьяа байгуулсан ганцхан хүнд олгох болсон байна.

Энэ нь тухайн үед байсан “генералиссимус” гэдэг цолтой дүйж байв. Францын түүхэнд ийм цолыг ердөө зургаан удаа хүртээсэн байдаг. Харин Францын аугаа их хувьсгалын үед буюу 1790 оны зургадугаар сарын 20-нд “Францын маршал” цолыг хүчингүй болгосон юм. Удалгүй шинэ Үндсэн хуулийн дагуу 1804 оны тавдугаар сарын 18-наас БНФранц улс байхгүй болж оронд нь Францын эзэнт улс бий бол лоо.

I Наполеоныг эзэн хаанаа болгов. Эзэнт улсын маршал хэмээх цол ч гарч ирэв. Францын эзэнт улсын их эрх мэдэлтнүүдийн дотор ийм цолтон дээрээсээ тав дахь хүн нь байх болов. Маршал цол нь тухайн хүнд эзэн хааны зүгээс онцгой итгэл хүлээлгэж буйн илрэл болдог.

Маршалууд хариуцлагатай албанд томилогдоно, хот, муж, тэр ч бүү хэл улс орныг удирдана, дипломат чухал үйлсэд оролцоно. Үндсэн хуульд зааснаар маршалыг хамгийн шилдэг генералуудынхаа дотроос эзэн хаан “төрүүлнэ”. Маршал цолыг нэхэн олгож ч байв.

Австралид “фельдмаршал” гэдэг цэргийн дээд цол байдаг.Үүнийг тэнгисийн цэргийн хувьд “Флотын адмирал”-тай дүйцүүлдэг. Ерөнхий сайдын санал болгосноор Австралийн амбан захирагч уг цолыг олгоно.

Афганистанд хааны дэглэм унах хүртэл зэвсэгт хүчинд нь Sardar-i-Salar гэж цэргийн дээд цол байсан нь Европ дахины фельдмаршалд дүйцэх аж. Одоо бол энд ийм том цол байхгүй.

Болгарт ийм цолтой хүн ердөө ганц байсан нь I Фердинанд хаан нь. Түүнд 1918 онд генерал фельдмаршал, маршал цолыг хоёр өдрийн зайтай хүртээсэн гэдэг. Дараа нь III Борис хааныг ширээнд заларсных нь 25 жилийн ойгоор маршал олгохоор Цэргийн дээд зөвлөл нь төлөвлөж байтал хаантан нүд аньчихаж.

Грекийн цэргийн дээд цол “стратарх” гэж байдгийг маршалтай эн зэрэгцэнэ гэж үздэг.

Иорданы цэргийн дээд цолыг мушир (mosheer) гэдэг аж. Харин түүнийг одоо хэр арми, зэвсэгт хүчний нэг ч хүнд олгосонгүй, хаадад л хүртээж байж. Хамгийн сүүлд 2005 онд Сайд Каир гэгчид олгожээ.

Иракийн Ерөнхийлөгч агсан Саддам Хусейнд 1979 онд фельдмаршал цол олгосон аж.

Саяхан түлхүүлэн унасан Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак ч энэ албыг хашихаасаа өмнө агаарын цэргийн хүчний ерөнхий маршал болсон байсан юм билээ.

Непал ба Пакистан

[засварлах | кодоор засварлах]

Непалийн ван Махендра гэгч өөрийн улсын төдийгүй Пакистаны фельдмаршал цолтой байх юм. Ийм тохилдол тийм ч ховор биш.

Орост 1917 оноос өмнө генерал- фельдмаршал хэмээх цолыг хэрэглэж байгаад 1935 онд ЗХУ-ын маршал, 1993 онд ОХУ-ын маршал цол бий болгов. Орост их бууны, нисэх хүчний, хуягт танкийн гэх мэт төрөл цэргийн маршал цол ч бий. Сонирхуулахад ОХУ-ын түүхэн дэх цорын ганц маршал Игорь Сергеевийг нас барснаас хойш уг цолыг хэнд ч олгоогүй байна. Харин ЗХУ-ын маршал цолыг 41 хүнд олгожээ. Анхныхыг нь К.Е.Ворошилов, М.Н.Тухачевский, С.М.Будённый, А.И.Егоров, В.К.Блюхер нарт хүртээсэн байдаг. Харамсалтай нь Тухачевский, Егоров нар хэлмэгдүүлэлтэд өртөж цэргийн алдар цолоо хураалгасан төдийгүй тэднийг буудан хороосныг бид мэднэ. Блюхер нь шоронд нас барсан. 1940 оны хавар С.К.Тимошенко, Г.И.Кулик, Б.И.Шапошников нар маршал болов. Аугаа их эх орны дайны үед маршал цолыг анх 1943 оны эхээр Г.К.Жуковт хүртээсэн. Энэ онд А.М.Василевский, И.В.Сталин нар бас маршал болсон юм. 1944 онд И.С.Конев, Л.А.Говоров, К.К.Рокоссовский, Р.Я.Ма линовский, Ф.И.Толбухин, К.А.Мерецков нарт маршал цол олгосон. Дайн дууссаны дараа маршал болсон анхны хүн нь Л.П.Берия.Бидний сайн мэдэх Оросын маршал Константин Рокоссовский Польшийн бас маршал байсан.Тэгэхдээ цэргийн энэ алдарт дарга 1949-1956 онд Польшийн иргэн байсан төдийгүй Батлан хамгаалах яамыг нь толгойлж байв.

Герман дахь Зөвлөлтийн цэргийн бүлгийн ерөнхий командлагч байсан М.В.Захаровт 1959 онд энэ цолыг хүртээсэн. ЗХУ-ын сүүлчийн маршал нь Дмитрий Язов юм. Түүнд уг цолыг 1990 онд олгосон. Сүүлд нь тэрээр төрийн эргэлт хийхэд оролцож, шоронд орох дөхсөн ч маршал хэвээр үлдсэн.

Язовт маршал цолыг ЗХУ-ын сүүлчийн Ерөнхийлөгч М.С.Горбачевын шийдвэрээр олгосон нь сонин тохиолдол гэлтэй.

Португалид бүр Дундад зуунд ийм цол байж. Анх 1382 онд хааны зарлигаар хүртээж байсан бөгөөд маршал хүн армийн материаллаг хангамжийг хариуцдаг байжээ.

Польш 1918 онд тусгаар тогтнолоо сэргээсний дараа маршал цол бий болгож коммунист дэглэмтэй байхдаа ч хүмүүст олгож байлаа. Харин 1980-аад онд төрийг нь тэргүүлж байсан Войцех Ярузельский энэ цолыг хүртээх гэж тойрон хүрээлэгчид нь зуйрганахад, маршалууд дайнд арми командалж байсан, тэгвэл би салааны захирагч л байсан гэж хэлээд зөвшөөрөөгүй гэдэг.

Румыний коммунист дарангуйлагч Николае Чаушеску ч өөртөө энэ цолыг олгоогүй байдаг.

Умард Солонгосын Ким Ир Сен 1953 онд, Ким Чен Ир нь 1992 онд маршал болсон байна. Эднийд маршал, их маршал гэж хоёр янзын цол байдаг. Ким Ир Сенд хоёуланг нь олгожээ.

Тайландад зөвхөн цэргийн дарга нарт бус хааны гэр бүлийн гишүүдэд маршал цол олгодог. Эхнийхийг нь 1888 онд V Сиама Рама хаандаа олгосон юм билээ.

Тунист фельдмаршалтай дүйцэх мушир цолыг XIX зууны дундуур бий болгосон аж. Туркмений дарангуйлагч байсан Сапармурат Ниязов цэрэгт огт алба хаагаагүй хэрнээ 2002 онд маршал болжээ.

Туркт ийм цолыг гурваас дээш тулаанд ялалт байгуулсан генерал юм уу командлагчид олгодог байсан бөгөөд өнөөгийн Турк улсыг үндэслэгч гэж үздэг Ататюрк л түүнийг хүртжээ.

Хорват хоёр маршалтай. Эхнийх нь Славко Кватерник.Түүнийг Батлан хамгаалахын сайд, зэвсэгт хүчний ерөнхий командлагч байхад нь 1941 онд олгосон бол сүүлчийнх нь 1992- 1999 онд Ерөнхийлөгч нь байсан Тужман.

Хятадад маршал цолыг 1955 онд бий болгож нэг удаа 10 хүнд зэрэг олгосон байна. Тэдний дунд Пен Дэхуай, Линь Бяо нар бий. Харин генералиссимус цолыг Хятадын анхны Ерөнхийлөгч Юань Шикай хүртсэн байдаг. Үүнтэй дүйх их маршал цолыг хожим нь зөвхөн Мао Зэдунд зориулж бий болгосон ч түүнд олгоогүй билээ.

Югославын ганц маршал нь Иосип Броз Тито. Дэлхийн II дайнд оролцож байсан хүн.

Японд “гэнсуй” хэмээх хүндэт цол байсан бөгөөд түүнийг маршалтай адилтгадаг.

Монгол Улсын хувьд гурван маршалтай юм. Эхнийх нь Монголын ардын хувьсгалт армийн ерөнхий командлагч байсан Гэлэгдоржийн Дэмид (1936 оны хоёрдугаар сарын 21-нд маршал болсон). Энэ хүнийг хорлосоны дараа хилс хэргээр 1937 онд хэлмэгдүүлсэн. Хоёр дахь нь Хорлоогийн Чойбалсан. Түүнд маршал цолыг 1936 онд олгосон. Гурав дахь нь Юмжаагийн Цэдэнбал. 1979 онд маршал болсон. Маршалыг монголоор өрлөг жанжин гэдэг. Тийм болохоор Монгол Улс дэлхийд хамгийн анх өрлөг жанжин (маршал) цол бий болгосон байж мэдэх.

Яагаад гэвэл Чингис хаан есөн өрлөгтэй байсан гэдэг шүү дээ. Дашрамд сонирхуулахад Жалайрдайн гоо Мухули, Жүрчидийн Чуу мэргэн, Арладын хүлүг Боорчи, Сүлдэний Торган шар, Урианханы Зэлмэ, Бэсүдийн Зэв, Ойрадын Хар Хирү, Жүрхэний Борохул, Татарын Шихихутуг нарыг “есөн өрлөг” гэдэг байжээ. XIII зуунд монгол хэлэнд “өрлөг” (өрлүг) гэсэн үг байснаас үзэхэд энэ нь язгуур монгол үг байж таарах нь. Өвөрмонголын Цэцэнцогтын бүтээл “Монгол үгсийн язгуурын толь”-д уг үгийн хэд хэдэн утгыг заасан байна.

Түүнд бичсэнээр юуны урьд ялагдашгүй, суут мэргэн гэсэн утгатай аж. Цааш нь их гавьяа зүтгэл гаргасан баатар, цэргийн жанжны цол аж. Мөн хөхүүл эхийг “өрлөг эх” гэдэг байж.

Эцэст нь хэлэхэд Европ зүгийн орчин цагийн үгийн тайлбар толиудад үзвэл маршал гэдэг нь дэлхий дахинд цэргийн дээд цол болжээ гэж хэлж болно. Түүнээс гадна Польш зэрэг зарим улсад төрийн албан тушаалтанд ч олгодог байна. Польшид Семийн маршал гэж бий. Мөн баярын хурал, зоогийн гол дэг сахиулагчийг ийн нэрлэж байсан юм билээ.

Загвар:Military ranks by country Загвар:Star officer ranks Загвар:Highest Military Ranks